top of page

7. ҮЙЛИЙН ҮРЭЭС АНГИЖРУУЛАХ ИХ ЗАСГИЙН ТЭНГЭРИЙН ТУХАЙ СУРГАЛТ

СУРГАЛТЫН АГУУЛГА


ҮЙЛИЙН ҮРЭЭС ГЭТЭЛГЭХ ЁСОН

Үйлийн үрийн хөтөлбөр гэж юу вэ? Түүнийг хэрхэн даван туулах вэ? Их Засгийн 13 Тэнгэр гэж юу вэ? Эрлэг Номун Хаан гэж хэн бэ? 10 хар гэм нүглээс хэрхэн салах вэ? Үйлийн эрхэм зорилго ард түмнээ сэрээх, хүчжүүлэх, мэдвэл зохихуйд хөтөлж, нүүдлийн соёлоор бадраахад хувь нэмрээ өргөх явдал юм.

МОНГОЛ ЁС ЗАНШЛЫН ХОРИО ЦЭЭРҮҮД СУДАР
ҮЙЛИЙН ҮРИЙН ТУХАЙ

Үйлийн үр нь хорио цээрийг зөрчсөнөөс гол төлөв үүсдэг хар мэдээлэл, хөтөлбөр юм. Үйлийн үр гэдэг нь хүмүүний бусдад болон өөрт тарьсан, хийсэн хорлолтой, гайтай үйлсийн хариуг хэлнэ.

Юу тарина түүнээ хураадаг. Сөрөг үйлийн хариуг Үйлийн үр, сайн үйлийн хариуг Буяны үр гэдэг. Өөрөөр хэлбэл хорио цээрийг зөрчсөнөөс өөрт нь үүсэх сөрөг хар хөтөлбөрүүд болох хорлол, хараал, жатга, бариа, хүлээ, нэхэл хэмээх олон төрлийн далд ертөнцийн гэсгээл, шийтгэлүүдийг ерөнхийд нь үйлийн үр гэж хэлж болно.

Өвчтэй хүүхдүүд мэндэлж байгаа нь маш олон шалтгаантай байдаг бөгөөд удмын хараал, жатга, хорлол байх талтай, эсвэл тээж байхдаа цээрүүд зөрчин ямар нэг буруу зөрүүг үйлдсэн үйлийн хариу байж болно. Үйлийн үрийн хар хөтөлбөрүүд нь оршихуйд учруулсан хор хохирлын хэмжээ, цар хүрээ, хорт уршиг, үр дагавар болон тухайн үйлдлийн санаатай санаандгүйг дэнслэн шийтгэл, гэсгээлүүдийг оноодог.

Үүнд:

ХАРААЛ: ус гол бохирдуулах, уулс ханхайг ухах, ан амьтныг зүй бусаар хороох зэрэг жамын хууль, хорио цээрүүдийг зөрчсөн тохиолдолд болон бусад хүмүүсийн атгаг сэтгэлээс үүсдэг. Хараал ихэвчлэн өвчин тусах, золгүй явдал тохиох, бүтэж байсан ажил нурах гэх мэт нүдэнд харагдахуйцаар илэрдэг бөгөөд энэ хар хөтөлбөр нь 21, 36, 48 үе удам дамждаг хатуу шийтгэл учраас хүмүүн бид маш учиртай амьдрах ёстой юм.

ЖАТГА: Жамын хууль цээрийг зөрчсөний шийтгэл бөгөөд сүнсний чадвар сул байх, ажил үйлс урагшгүй байх зэрэг далд хөтөлбөртэй. ӨХ хараалыг бодвол арай зөөлөн шийтгэл учраас нүдэнд илт харагдаж, мэдрэгддэггүй. Хараалыг үүсгэгч нь тайлдаг бол, жатгын хувьд нөхцөл нь бүрэлдвэл тайлагдана. Мөн ялгаагүй олон үе удам дамжина.

ХОРЛОЛ: Дээрх хоёрыг бодвол арай цөөхөн 5-7 үе удам дамжих бөгөөд хийх ажилд саад учрах, өвчин тусах байдлаар илэрдэг. Жишээлбэл: Гол усанд дэггүй цадиггүй загнах, гол усны ойр бие засах, элдэв хир буртгаа хаях, цусаа гоожуулах зэрэг гол устай холбоотой алив цээрийг зөрчвөөс лусын эзэд хилэгнэж лусын хорлол тусдаг. Зүйрлэж хэлбэл: цэвэрхэн гэрт маань хогоо хэн нэгэн шидчихвэл хэнд ч таатай санагдахгүй, хэлж сануулаад байхад дахин дахин хог буртгаа хаяад байвал уурсаж, эсэргүүцэж, болиулах гэж ямар нэгэн арга хэмжээ авна. Лус савдгийн эздийн ийм уур хилэн нь хорлол, хараал, жатга болон хэрэгждэг.
ДӨНГӨ: Энэ нь бие тавгүйтэх, ажил алба, амьдралд саад учрахаар илэрдэг бөгөөд удам дамждаггүй. Дөнгийг оршихуйн эздээс гадна үрээ тодорхой нэгэн үйлийг хийлгэх, эсвэл хийлгэхгүй байх зорилгоор удмын тэнгэрийн өвгүд тавьдаг.

НЭХЭЛ: Энэ насандаа хийх ёстой үйлээ хийхгүй (сүнсний үүрэг даалгавар), үүрэг зорилгоо танихгүй мэдэхгүй яваад байгаа хүмүүст үүсдэг. Авснаа буцааж өгөөгүй, өргөл өргөх ёстой уулс хайрхдад өргөөгүй гэх мэт аргын болоод билгийн үүрэг, үйлийг дүүргээгүйгээс нэхэл үүсдэг. Энэ нь 7-9 үе удам дамжих талтай. Хэн нэгэн бидний эд зүйлсийг зөвшөөрөлгүй авбал, хэрэгтэй зүйлсийг авчихаад өгөхгүй байвал бид араас нь нэхэл дагал болдог. Үүнтэй адилхан савдаг, лусын нэхэлтэй хүмүүс олон үе удмаараа нэхэлд орж, өвдөн шаналж, үе удмаараа эд хөрөнгө дундуур явдаг. Лусын нэг цээрийг зөрчсөний төлөө хэдэн зуун жилээрээ нэхэлтэй яваа удам байдаг.

ХҮЛЭЭС: Энэ нь ихэвчлэн хүмүүс хоорондын атгаг сэтгэлээс үүдэлтэй бөгөөд билиг хүчний чадвар, чадал, эрдэм мэдлэг, шид хүчийг нь хүлдэг. ӨХ сүнсийг нь хүлдэг учраас махан биеэс сүнс нь гарах, сүнс нь тогтохгүй болохоос гадна арга талдаа ч байсан юм нь байхгүй болдог, юм болохгүй болох нигууртай.

БАРИА: Энэ нь ямар барианаасаа шалтгаалан илрэл нь өөр байна. Уул усны бариа ахуй амьдралд нөлөөлнө. Тэнгэрийн өвгүдөө буулгахгүй улаач шахаа, барианд ордог. Аливаа зүйлийн хугацааг хоцруулсан, хэм хэмжээг хэтрүүлсэн хүмүүн барианд ордог. Нэг жилийн өмнө хийх ёстой байсан тэнгэрийн үүргээ биелүүлээгүй, эсвэл дэндүү их хог хаясан, хэтэрхий эрээ цээргүй загнасан гэх мэт олон шалтгаанаар хүмүүн оршихуйн эздийн барианд ордог.

Үйлийн үрийн хамгийн том үүсгэгч нь ШУНАЛ юм. Хүмүүн шунал, хүсэл, тачаалдаа автсанаа мэдэрдэггүй улам л гүнзгий ангал руу унаад байдаг. Эх дэлхийгээ цөлмөх, хөх монголыг доройтуулах нь хамгийн том үйлийн үрд тооцогддог. Газар дэлхийгээ ухан сэндийчээд, хордуулаад байгаа уул уурхайнхан аргын амьдралд дутагдах юмгүй сайхан мэт боловч эндээс халиад юуг туулах нь таашгүй.

Газар шороогоо ухан цөлмөгсөд эхийгээ идэж өсдөг аалзны зулзагаас ялгаагүй учраас өөрийн хүслээрээ аалзны төрөлд очиж байгаагаас ялгаагүй. Хүмүүн өөрөө аргын махан бие, билгийн сүнсэн биетэй атал өвчин зовлон, хүнд хэцүүгийнхээ шалтгааныг зөвхөн арга ертөнцөөс хайгаад байдаг.

Өвчин зовлон, гай гамшгийн ихэнх нь билэг ертөнцөөс шалтгаалсан байдаг. Яагаад гэвэл удам угсааны гэм, нүгэл, үйлийн үрийн нэхэл үе дамжин ирсэн байх магадлалтай. Өмнөх үеийн удмын хэн нэгэн нь хэдэн төрөлдөө эдлэх хөрөнгийг идчихсэн, хэдэн төрлийн өмнө хэн нэг нь бие эрхтнээ зүй бусаар сэлгэснээс эрэмдэг төрсөн гээд маш олон шалтгаан байж болно.

Ямар ч шалтгаан байсан түүнийг олж мэдэж, үйлийн үрийг засах залруулах, арилгахын төлөө амьдрах нь энэ удаагийн хүмүүн төрлийн үндсэн зорилго оршино.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Үйлийн үр, үйлийн үрийн хөтөлбөр гэж Өнөд мөнх орших Жамд нийцэж амьдрах ухаан суулгах хөтөлбөрийг хэлнэ. Үйлийн үрийг үндэслүүлдэг 10 хар нүглийг үйлдэхгүй байх ухамсар соёл суулгах нь үйлийн үрийн хөтөлбөрийн зорилго болно. Алтан Дээд Үнэний Аялгуу сударт сануулан үлдээсэн иргэний Гайг дарах 5 хар Тэнгэр, Гэмийг дарах 5 хар Тэнгэр нийлээд 10 хар тэнгэр болох эдгээр нь хүний 10 хар нүглийг шүүдэг 10 Хар Тэнгэр юм:
Харласан Төрийн дэлгэрүүлж буй 16 нийтийн Гэмийг дарах 3 Хар Тэнгэр бий. Дээрх 10 хар Тэнгэртэй нийлээд 13 Хар Тэнгэр болох ба эдгээрийг Их Засгийн 13 Тэнгэр гэнэ. 13 Тэнгэрийг өөрөөр 13 Эрлэг, орон зайгаар нь 13 Алтай, эсвэл 13 Ойхон гэх мэт нэрлэж ирсэн.

• Хүн бүр сэхээрэл, гэгээрлийнхээ хөтөлбөрийг таних
• Үйлийн муу үрийн хөтөлбөрөө мэдэх, үр дагавраас зайлсхийх боломж буйг таних, боломжийг тосож авах
• Их Засгийн тэнгэрийн өршөөлд хамрагдах, ухамсарт амьдралд хөл тавих учиртайгаа ухаарч, сэхээрэх
• Удмын өвгүд, Их Засгийн тэнгэрийн эзэд, Эрлэг өвгүддөө өргөл өргөх
• Арц, ганга, хүж, үнэртэн уугиулах
• Хурмаст эздэд, жигүүртэн шувуудад өргөх будаа
• Шим мандлын эздэд өргөх үр, будаа
• Нар, сар, эх дэлхий, 5 тивийн эздэд сүүн өргөл өргөх

bottom of page